Завхан аймгийн прокурорын газраас санаачлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ авахад хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх, гэрч, хохирогчийн эрхийг хангах, хамгаалах, эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор “Гэрч, хохирогчийн хамгаалуулах эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагч, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь ажилтан, референт, Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч нар оролцов.
Хэлэлцүүлгээр гэрч хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын зарим тодорхойгүй асуудлууд, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, гэрч, хохирогчийн эрхийн хамгаалалтын арга хэмжээний үр нөлөөг хэрхэн сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Завхан аймгийн прокурорын газраас оролцогч байгууллагуудад гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар