Завхан аймгийн прокурорын газрын болон Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд Хүний эрхийн Үндэсний Комисс, Завхан аймгийн Засаг дарга тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээний хүрээнд болсон хүний эрхийн сургалт, уулзалтад оролцлоо.
Сургалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа” сэдвээр сургалт хийлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах замаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрхэд суурилсан, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, хүний хувийн мэдээлэл хамгаалах ажиллагаа болон зорилтод бүлгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар санал солилцлоо.
Цаашид аймгийн төрийн байгууллагууд хүний эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, сургалт, нөлөөллийн ажил, арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөөд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар