Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд тус аймгийн шүүхээс Монгол Улсын дээд шүүхтэй хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Дамдиндорж “Хайнга хандах гэмт хэргийг авлигын гэмт хэргээс ялган зүйлчлэх” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Дээрх эрдэм шинжилгээний хуралд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ, Э.Золзаяа, Н.Батзориг, М.Батсуурь, Х.Эрдэнэсувд нар болон Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгчид, прокурор, цагдаа, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Тус эрдэм шинжилгээний хурал нь төрийн албан хаагчид холбогдох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг онол, практикийн үүднээс судлан хэлэлцүүлсэн нь үр дүнтэй болсныг зохион байгуулагчид онцолж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хууль хэрэглээний болон ойлголтын зөрүүтэй байдлыг арилгах талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар