"АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+

Завхан аймгийн прокурорын газраас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн харьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтран тус сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Асуудал, шийдэл” сэдэвт мэтгэлцээний тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  

Тус тэмцээн нь өсвөр үеийнхний хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн оролцоотойгоор хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид гаргахгүй байхад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн зорилготой юм.

Тэмцээнд оролцогчид “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга зам бол хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх явдал”, “Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээх нь зөв”, “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад бохирдуулагч нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцлээ.

Уг арга хэмжээнд Хүний Эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь салбар, Цагдаагийн газар, Боловсролын газар болон аймгийн Шүүхийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, хяналтын ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хүний эрхийн тухай ойлголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдад яриа таниулга хийлээ.

Оролцогч хүүхдүүд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, цахим орчинд зөв, соёлтой оролцох хандлагыг төлөвшүүлэх, бусдын эрхийг хүндэтгэхэд чиглэсэн онцлог  үйл ажиллагаа болсоныг онцолсон.

Мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулагч нарын зүгээс цаашид хүүхдийн дээд ашиг сонирхлыг эрхэмлэсэн, хүний эрхэд суурилсан ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна.